БНСУ-ын тэргүүлэх эмнэлэг Монголд "Телемедицинийн төв"-ийг нээх санамж бичиг байгуулав

 

 

БНСУ-ын Чун Ан Их сургуулийн Эрүүл мэндийн төв болон Улсын Хоёрдугаар төв эмнэлэг хооронд 2025 онд хамтын ажиллагааг бэхжүүлэх санамж бичиг байгуулав. Санамж бичигт эрүүл мэндийн байгууллагууд хооронд хамтран ажиллах, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд сайн санааны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тусгагджээ. 

Уг үйл ажиллагааны үеэр Чун Ан Их сургуулийн эмнэлгийн Онлайн зөвлөгөө өгөх төвийн Монгол дахь нээлт мөн боллоо. Онлайн зөвлөгөө өгөх төвийн Монгол талыг хариуцан ажиллахаар  "Better mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. 

 

 

Чун Ан их сургууль нь Эрүүл мэндийн төв, Их сургуулийн эмнэлэг, Гванмён эмнэлгийг хамруулсан нийтдээ 1500 гаруй хэвтэн эмчлүүлэх ортой, орчин үеийн хамгийн сүүлийн тоног төхөөрөмж бүхий нэгдсэн эмнэлэг юм. Улсдаа төдийгүй дэлхий дахинд оношилгоо эмчилгээ, эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадвараар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өнөөдөр "Онлайн зөвлөгөө өгөх төв"-өө Монголд албан ёсоор нээлээ. 

 

 

Үйл ажиллагааг нээж, БНСУ-ын Чун Ан их сургуулийн Эрүүл мэндийн төвийн  Ерөнхий захирал Ли Чеол Хи /Lee Chul Hee/ хэлсэн үгэндээ, Монгол Солонгос хоёр улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж, улам өргөжүүлж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшил авчирсан шинэ технологийг нутагшуулах өндөр ач холбогдолтой болохыг тодотгов.

Мөн тэрбээр, Монгол Улс Эрүүл мэндийн салбартаа телемедицин үйлчилгээг нэвтрүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, тархан амьдардаг нүүдэлчин соёл онцлогт хамгийн тохиромжтой тусламж үйлчилгээ болно гэдгийг онцлон дурдаад, энэ технологид суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд солонгосын талаас бүхий л "ноу хау"-гаа хуваалцан ажиллахаа илэрхийлсэн юм. 

 

 

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичигт Чун Ан их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий захирал Ли Чеол Хи, УХТЭ-ийн захирал, АУ-ны доктор, профессор Б.Бямбадорж нар гарын үсэг зурж баталгаажуулав. 

Үүний дараа, Чун Ан Их сургуулийн Гванмён эмнэлгийг төлөөлж Улаанбаатар хот дахь "Онлайн зөвлөгөө өгөх төв"- ийг хариуцан ажиллах "Onyou Medical" байгууллагын дарга Lee Jae-Cheon болон "Better mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн захирал М.Мандах нар санамж бичиг байгууллаа. 

 

 

Чун Ан их сургуулийн Гванмён эмнэлгийн Онлайн зөвлөгөө өгөх төвийн дарга Lee Jae-Cheon: Сүүлийн жилүүдэд Солонгосыг зорин ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо тасралтгүй өсөж байгаа бөгөөд "ковид-19" цар тахлаас хойш 128 хувиар нэмэгдсэн гэх тоон үзүүлэлт гарсан. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас ирэх боломжгүй нөхцөл байдалтай хүмүүс олон. Энэ асуудлыг шийдэхийн тулд манай Onyou Medical компани Чун Ан их сургуультай хамтарч "Онлайн зөвлөгөө өгөх үйлчилгээ"-г нэвтрүүлж байна. Тус эмнэлгийн шилдэг эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөө, оношилгоог Монгол Улсын иргэдэд ойроос хүргэхийн тулд хичээн ажиллах болно. Анхны онлайн зөвлөгөө өгөх төвөө Монгол Улсын Better mind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа" хэмээв. 

 

 

"Better mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн Гүйцэтгэх захирал М.Мандах: Манайх Монголдоо нойргүйдэл сэтгэл заслын хэвтэн эмчлүүлэх чиглэлээр анхлан үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг юм. Солонгосдоо төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон эмнэлэгтэй хамтын ажиллагаатай болж, онлайн үзлэгийн Монгол талыг хариуцан ажиллах болсондоо баяртай байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд иргэд маань заавал Солонгос улс руу зорчих шаардлагагүйгээр монголдоо телемедицин үйлчилгээгээр дамжуулан Солонгосын  шилдэг, чадвартай эмч нараар үзлэг хийлгэж, зөвлөгөө авах боломж бүрдэж байна. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор манай эмнэлэг тусгайлан телемедицинийн үйлчилгээ үзүүлэх салбар эмнэлгээ удахгүй нээх гэж байгаа" гэлээ. 

 

 

Мөн тэрбээр, "Ковид-19" цар цахлаас хойш дэлхий дахинд онлайнаар эмчийн үзлэг, зөвлөгөө хийдэг байдал эрчимтэй хөгжсөн. Телемедицин үйлчилгээний эхний туршилт өнөөдөр манай эмнэлэг дээр хийгдэж байна. Чун Ан их сургуулийн эмнэлэг нь хавдар, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, сэтгэл судлал, гоо засал гээд олон чиглэлээр онлайнаар зөвлөгөө өгөх боломжтой нэгдсэн том эмнэлэг гэдгийг онцлон дурдлаа. 

 

 

Эх сурвалж: http://www.tusgal.mn/

 

Бусад